Засаг даргын мэндчилгээ

Улаанбаатар хот Төрийн ордон

Эрхэм хүндэт ард иргэд ээ!
 
Та бүхний энэ баярт үдшийн түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ.Хийморь золбоо ихт Монгол түмний хувьд 2012 он онцгой жил байлаа.
 
2012 он бол Монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн Богд Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.
 
2012 он бол Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Их хурал, Засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинэчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэх жин мэдэгдэхүйц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ.
 
2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон, иргэний бүтээлч нийгэм рүү, шууд ардчилсан тогтолцоо руу шинэ зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо, шууд ардчилал бол манай нийгмийн ирээдүй юм.